zahiralДаяаршин буй дэлхий, дэлгэр Монгол орныхоо өнцөг булан бүрт аж төрөн суугаа монголчуудтайгаа өөрийн сургуулийнхаа цахим хуудсаар дамжуулан мэндчилж байгаадаа баяртай байна. Манай хамт олон улс орныхоо хөгжил дэвшил, цэцэглэлтэнд хувь нэмрээ оруулахаар дор бүрнээ хичээн зүтгэж сургалт, эрдэм шинжилгээний үйлчилгээг оюутан суралцагчидтайгаа хамтран бүтээж тэдэнд мэдлэг олгох үйлсэд идэвхийлэн зүтгэж байдаг билээ.
Улс орныг бүсчлэн хөгжүүлэх бодлогын хүрээнд баруун бүсийн боловсрол, соёл, шинжлэх ухааны төв болгон өргөтгөж хөгжүүлэх асуудал дэвшигдэн тавигдаж, 2004 оны 7 сарын 1-ний өдрөөс эхлэн бие даасан их сургууль болсон билээ.
2008 оны 02 дугаар сард Ховд их сургууль өргөжин бүрэлдэхүүний сургуулиуд бий болсноор Гадаад хэл, соёлын сургууль  байгуулагдсан.
Бид өнгөрсөн 30 гаруй жилийн туршлага, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан шинэ тутамд мэргэжилтэнг бэлтгэж байна. Ховд их сургуулийн төгсөгчид нь Монголын боловсролын салбарын зах зээл дээх эрэлттэй байдгийг онцлон тэмдэглэж байна. “Ховдын багшийн дээд”-ийг төгссөн хүнийг ажилд авна гэсэн шалгуур одоог хүртэл байгаа нь тус сургуулийн сургалтын чанар чансаа илтгэж байгаад баяртай байдаг.
Ховд их сургуулиар овоглосон багш, үе үеийн төгсөгч элсэн суралцагчид бидний үйл ажиллагааг дэмжин хамтран ажилласаар ирсэн та бүхэндээ баярлаж, талархаж буйгаа хамт олныхоо нэрийн өмнөөс илэрхийлье. Та бүхний ажил үйлс, амьдрал тань үргэлж өөдрөг, бадран дэвжиж байхыг хүсэн ерөөе.

 Номын  цагаан буян дэлгэрэх болтугай.
Гадаад хэл, соёлын сургуулийн захирал, Доктор Т.Одончимэг